Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Банкуудын томрох эрмэлзлийг хуулиар боомилох уу?
2009 оны 11 сарын 23 [Уншсан тоо: 30772]
Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өнөөдрийн байдлаар гурав орчим тэрбум ам.доллар аж. Зөвхөн Оюутолгойн төсөлд гэхэд үүнээс дөрөв дахин их гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх юм.
Уул уурхайн салбарын огцом өсөлтийг даган бий болох их мөнгийг угтуулан банкууд чадавхжих эрмэлзэл, томрох шаардлагатай тулгарч буй бололтой. Энэ үүднээс харвал арилжааны банкууд нэгдэж, нийлж байгаа үйл явцыг зах зээлийн хуулийн дагуух жам ёсны зүйл гэж ойлгож болохоор. Гэвч маш их мөнгө гэдэг ойлголтыг банкнаас салгаж ойлгох аргагүй учраас өнөөдөр арилжааны банкуудын нэгдэж, нийлэх явцыг нийгмийн тодорхой хэсэг хардлагын нүдээр харж байна.

Нэг үгээр бол хоёр, гурван банкийг нэгтгээд нэг том банк үүсгэж байгаа эзэн нь эл банк руу орох их мөнгөний эзэн болж таарна гэсэн ойлголт хардлагыг дэврээх шалтаг болж байхыг үгүйсгэхгүй.

Хадгаламж банк Монгол шуудан банкийг худалдаж авсан, энэхүү нэгдэл дээр Зоос банк бас нийлэхээр болоод байна. Гурван ч банкийг нэгтгэн эзэмшихээр болоод байгаа “Жаст” компанийг ивгээж тэтгээд байгаа Оросуудын гарт Монголын банкны салбар, түүнийг дагаад эдийн засгийн аюулгүй байдал тэр чигтээ атгагдлаа гэсэн шуугиан сүүлийн өдрүүдэд газар авч байгаа нь дээрх хардлагын илрэл болов уу.

Монголын арилжааны банкууд өнөөдөртөө төрөлжиж амжаагүй байна. Өөрөөр хэлбэл өөр хоорондоо ижил төстэй үйлчилгээ эрхэлж, өөр хоорондоо ялгаа багатай бүтээгдэхүүн гаргаж жижигхэн зах зээлээ бүр л жижиглэн хувааж байгаа нь тэдний ашиг орлого, чадавхийг хайрцаглаж буй юм. Тэд зах зээл, бизнесийнхний эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байна. Нэг үгээр бол Монголын арилжааны банкуудад томрох, бэхжих хүсэл эрмэлзэл, бодит шаардлага нь тов тодорхой байна.

Харин яаж гэдэг нь асуудал. Яг ийм асуудалтай тулгарч ядаж байгаа үед нь УИХ-аас тэдэнд боломж өгөх биш бүр ч боомилох хуулийг батлахаар зэхэж байна.

Өнөөдөр аль банкийг хэн авч байгаагаас илүүтэйгээр банк, санхүүгийн  салбарын ирээдүйн хувь заяанд нөлөөлөх зүйл нь шинээр боловсруулаад байгаа Банкны тухай хууль юм.

Уг нь Банкны тухай хуулийг шинэчлэх цаг нь болсон. Учир нь энэ хууль чөлөөт эдийн засаг, зах зээлийн нийгэмд дөнгөж шилжиж байх ерээд онд батлагдсан юм. Эдийн засгийн тэлэлт, хувийн хэвшил, бизнесийн дүр зураг өнөөдрийнхөөс огт өөр байхад тэр орчинд нь нийцүүлэн хийсэн хууль гэж бодохоор хэр зэрэг хоцрогдсон нь ойлгомжтой хэрэг.

Бүх зүйлийг хуулийн дагуу явуулахыг шаардах нэг хэрэг ч хууль нь хэр зохистой байх нь хамгаас чухал асуудал. Өнөөдөр мөрдөж буй Банкны тухай хууль нь банк, санхүүгийн салбарын хөгжлөө боомилж байгаа гэж олон хүн ярьдаг. Тэгвэл одоо шинэчлэх гэж байгаа хууль нь байдлыг бүр ч дордуулж мэдэхээр байна.

Санаатай, санаандгүйн алин болох нь эргэлзээтэй ч АНОД банкийг хяналтаасаа алдаж, өнөөдрийг “аймшигтай” байдалд хүргэсэн сургамж дээрээ үндэслэн Банкны тухай хуулийн шинэ төслийг боловсруулсан бололтой.

Хэдийгээр “Өнөөдрийн алдаа маргаашийн дүрэм” болдог ч алдаа юунаас үүдсэн шалтгааныг буруу оношилж тэрхүү төөрөгдөлдөө үндсэлсэн “дүрэм” бий болгоод эхэлбэл бүр ч эмгэнэлтэй. Яг ийм байдлыг Банкны тухай хуулийн төслөөс харж болохоор байна. Ажлын хэсгийн боловсруулсан энэ төслийг УИХ-аар хэлэлцэж, засч залруулж болох ч УИХ-ын гишүүдэд найдах арга бага юм. Учир нь тэнд банк мэддэг, санхүүгийн салбарыг гадарладаг, ирээдүйг нь төсөөлөх чадвартай эрхэм гишүүн бараг байхгүй. Харин ч хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсэг Их хурлын гишүүдээ бодвол “мэргэжлийн байгаа нь сайн” юм биз дээ.

Банкны тухай хуулийн төслийг арилжааны банкуудын үйл ажиллагааг хэтэрхий барьсан, төрийн оролцоо, зохицуулалтыг нэмэгдүүлсэн, хяналт, шалгалтыг хавтгайруулсан үзэл баримтлалаар боловсруулсан байна гэдэг дүгнэлтийг төсөлтэй танилцсан мэргэжлийн хүмүүс хэлж буй юм.

Ганцхан жишээ гэхэд арилжааны банкууд гадаад зах зээлд гарах эрхийг хязгаарлаж, ингэх тохиолдолд заавал Монголбанкнаас зөвшөөрөл авч байхаар төсөлд тусгажээ. Тухайлбал, аль нэг банк гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргалаа гэхэд хувьцаа худалдан авагч нь манай Монголбанкнаас зөвшөөрөл авч байхаар өнөө л хүнд суртлын хаалтаа хийжээ.

Уг нь банкууд гадаад зах зээлд гарах боломж хангалттай бол өнөөдөр олон нийтийн хардаад байгаачлан оросуудын ч юм уу, аль нэг бүлэглэлийн гарт давхиж ороод байх шаардлага байхгүй. Олон улсын санхүүгийн зах зээлд оролцох, гадаад эх үүсвэр татах зэргээр үйл ажиллагаа өргөжүүлье гэсэн банкуудын эрмэлзэлд өнөө л төрийн бодлого нь “шавар хааж” ирлээ. Засгийн газар нь тогтворгүй, төсөв нь алдагдалтай, төрийн бодлого нь оновчгүй гээд олон шалтгаанаар манай арилжааны банкуудад итгэл үзүүлэх үзүүлэлтүүд ямагт доошилдог аж. Нэг үгээр бол төрийн бодлогыг тодорхойлж буй эрх мэдэлтнүүдийн алдаа бүхий л салбарын хөгжилд хаалт болдгийн жишгээр банкуудад ч бас зах зээлийн жам ёсоор өсч дэвшихэд нь саад болдог. Төсвөөс хөрөнгө оруулалт хийж, хөдөөгийн нэг суманд хоёр зуун өрх хүрэхтэй үгүйтэй хүн амд зориулан зардлаа 110 жилийн дараа нөхөх үр ашиггүй өндөр хүчдэлийн шугамыг лоббидож татуулдаг “харанхуй” гишүүдээсээ бид салаагүй цагт төрийн бодлого нь зохистой, хууль эрх зүйн орчин нь эрүүл, нийгмийн бүтээлч хэсэг нь жам ёсоор өсч дэвждэг сайхан цагийг мөрөөдөх ч хэрэггүй бололтой.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив